Голомт банкны харилцагчид Зээлийн батлан даалтын сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан төслийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Өнөөдөр буюу 2021.03.22-ны өдөр Зээлийн Батлан Даалтын Сан нь Голомт Банктай хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Зээлийн батлан даалтын сан, Азийн Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн зээлд “Голомт” банкны харилцагчид хамрагдах боломжтой боллоо.
Энэ үеэр “Зээлийн Батлан Даалтын Сан”-гийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг 
“Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан ажлын байрны баталгааг хангах,  ажлын байрыг нэмэгдүүлэх, чадваржуулах төсөл хэрэгжээд гурван жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Зээлийн Батлан Даалтын Сан, Азийн хөгжлийн банкны төслийн зээлд нийт таван банктай хамтран ажилладаг бол энэ жилээс “Голомт” банк бидэнтэй хамтран ажиллахаар болсонд туйлын баяртай байна. Яагаад гэвэл “Голомт” банкны харилцагч нарын ихэнх нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Харилцагч нар нь ч улс орондоо ихийг бүтээсэн баялаг бүтээгч нар тогтвор суурьшилтай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгаад бид талархаж байна. Өнөөдөр Зээлийн батлан даалтын сан болон “Голомт” банк хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулснаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлмээр байна. Энэ онд манай сангаас 30.8 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах боломжтой байгаа. Өнөөдрийн байдлаар манай ЗБДС-гаас нэг тэрбум хүртэлх зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаж байна. Цаашид Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс ЗБДСанд хандах хүсэлт эрэлт хэрэгцээтэй байгаа учир бид зээлийн хэмжээ болон батлан даалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна” хэмээн хэлэв.

Мөн энэ үеэр “Голомт” банкны гүйцэтгэх захирал Норихико Като 
“Голомт” банкны зүгээс “Зээлийн батлан даалтын сан”-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэж байгаадаа туйлын таатай байна. Азийн хөгжлийн банкны төслийн зээлийн онцлог нь маш урт хугацаанд буюу 10 жилийн хугацаанд 12-15 хувийн хүүтэй олгогддог зээл байдаг юм. Та бүхний мэдэж байгаагаар Монгол Улсын Засгийн газраас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихээр маш олон төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Гэвч энэхүү төслийн зээл нь илүү урт хугацаатай олгож байгаагаараа давуу талтай байдаг. Тэгэхээр манай банкны харилцагч Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ  эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагууд маань илүү урт хугацааны стратегийн төлөвлөгөөгөө харж энэхүү зээлийг авах боломжтой болж байна. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын бизнест маш их нөлөөлсөн. Тийм учраас Голомт банкнаас энэ төслийн хүрээнд дор хаяж 100-200 аж ахуй нэгж байгууллагуудад зээл олгох боломжтой гэж бодож байна” гэв.  

Бусадтай хуваалцаарай