Ш.Алтанчимэг: Батлан даалт гаргуулахын тулд заавал Зээлийн батлан даалтын сан дээр ирэх шаардлагагүй

Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг нар /2021.03.09/ эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн.

 

Засгийн газрын мэдээллийн үеэр ЖДҮ эрхлэгчдэд олгогдох 3 хувийн хүүтэй зээлийн үед Зээлийн батлан даалтын сан ямар оролцоотой байх талаар сэтгүүлчдийн асуултад тус сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хариуллаа.

Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг:
“Зээлдэгчид барьцаа хөрөнгө дутах эсэхийг нь банк үнэлдэг. Үнэлгээнээс илүү хэмжээний зээл хүсч байгаа тохиолдолд зөрүүнд нь Зээлийн батлан даалтын сан орж ирдэг. ААН-үүдэд тавигдах гол шалгуур нь Сангийн сайдын хэлсэнчлэн НӨАТ төлөгч байх.

Энэ удаад ААН-үүд заавал Зээлийн батлан даалтын сан дээр ирж бичиг цаас хөөцөлдөхгүй. Бүх асуудал нь арилжааны банкнууд дээр шийдэгдэнэ” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: 
Төрөөс зээлийн нөхцөл дээр НӨАТ төлөгч, улсдаа данстай байгаач гэсэн ганц л шаардлага тавьж буй. Энэ нь зөвхөн аж ахуй нэгжид хамааралтай юм.  Энэ төлөвлөгөөг танилцуулснаас хойш банкнууд дээр маш олон хүсэлтүүд ирсэн. Мөн энэ зээлийн үйлчилгээнд иргэд хамрагдана. Өөрөөр хэлбэл, бичил, өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдана. Энэ зээл зөвхөн орлого олдог, ажлын байр бий болгодог, цалин олгодог иргэдэд бизнесийн зориулалттай зээл олгоно. 

Бусадтай хуваалцаарай