АЗИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГУУДЫН ХОЛБООНЫ ДЭЭД ТҮВШИНИЙ ЧУУЛГАНЫГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА.

      

Монгол улсын Зээлийн батлан даалтын сан (ЗБДС) нь 2022 онд Азийн батлан даалтын сангуудын холбоо (АБДСХ)-ны гишүүн байгууллагуудын 30 дахь удаагийн сургалтыг зохион байгуулах үүргийг хүлээж амжилттай зохион байгуулсан  бол АБДСХ-ны дээд түвшний 35 дахь удаагийн чуулганыг 2023 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулах шийдвэрийг АБДСХ-ны гишүүн байгууллагуудын гүйцэтгэх захирлуудын хурлаас гаргаад байна.

АБДСХ нь Ази тивийн 14 улсын 16 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэж, тухайн улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн батлан даалт, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагуудыг сургах, туршлага солилцох, үйл ажиллагааг нь дэмжих, техникийн тулалцаа үзүүлэх, хэрэгжүүлэх зорилготой байгууллага юм.

ЗБДС нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр АБДСХ-д үндсэн гишүүнээр элссэн бөгөөд 2015 оноос хойш дээд түвшний чуулган, гишүүн байгууллагуудын сургалтад тасралтгүй оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, зөвлөгөө, зөвлөмж, ололт амжилт, шийдлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн билээ.

АБДСХ-нь жилд 2 удаа гишүүд хоорондоо мэдээлэл, мэдлэг солилцох сургалтын арга хэмжээ мөн дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон төлөөлөгчид, гишүүдийг оролцуулсан дээд түвшний чуулганыг тус тус зохион байгуулдаг бөгөөд 2022 оны 34 дэх удаагийн дээд түвшний чуулган нь 2022 оны 11 сард Солонгос улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын Тэгү хотод зохион байгуулагдсан.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НОГООН САНХҮҮЖИЛТИЙГ ЦОГЦЛООХ НЬ” сэдэвт 35 дахь удаагийн дээд түвшний чуулган нь АБДСХ-ны гишүүдийн дийлэнх саналаар Улаанбаатар хотноо 2023 оны 8 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэхүү чуулганд гишүүн байгууллагуудаас гадна Олон Улсын Санхүүгийн Корпорац, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн, Дэлхийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтийн форум зэрэг дэлхийд тэргүүлэгч санхүү, эдийн засгийн байгууллагуудаас нийт 300 гаруй хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцохоор санал ирүүлээд байна.

Чуулганы үеэр гишүүн байгууллагуудын захирлуудын зөвлөлийн уулзалтаар Казакстан, Киргизстан зэрэг төв азийн зарим орныг гишүүнээр элсүүлэх мөн дэлхийн санхүү, эдийн засгийн тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөгчдийн оролцуулсан салбар` хуралдаанууд зохион байгуулагдана. Энэхүү чуулган нь ЖДҮҮЭ-ийг дэмжих гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт зэрэг эдийн засгийн ач холбогдолтой төдийгүй жуулчдын тоог ч нэмэгдүүлэх боломжтой.

АБДСХ-ны 35 дахь удаагийн дээд түвшний чуулганыг зохион байгуулснаар Монгол Улс ногоон эдийн засгийн хөгжил, санхүүжилтийн талаар Ази тивд тэргүүлэгч санал санаачилга, бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж буйгаа олон улсад сурталчлах, олон улсын худалдаа, жижиг, дунд үйлдвэрлэлийн шинэ түншлэлийг бий болгох, экспорт, хөрөнгө оруулалтын гарцуудыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, зээлийн батлан даалтын тогтолцооны хөгжлийг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх зэрэг олон боломжийг бүрдүүлэх юм.

Бусадтай хуваалцаарай