Санхүүгийн шийдвэрээ богино хугацааны боломжид бус, бизнесийн бодит хэрэгцээ, эргэн төлөх чадвартаа үндэслэн гаргахыг зөвлөе.

            Жижиг, дунд бизнес нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, орон нутгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч байдаг. Гэвч бизнес эрхлэгчдийн хувьд санхүүжилтэд хүрэхэд хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь барьцаа хөрөнгийн хүрэлцээ байдаг.  Ийм нөхцөлд Зээлийн батлан даалтын сан ямар үүрэг гүйцэтгэдэг, өнөөдөр иргэд болон бизнес эрхлэгчдэд ямар боломжийг бүрдүүлж байгаа талаар Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцъя.

 

- Зээлийн батлан даалтын сан анх хэзээ байгуулагдсан бэ? Өнөөдрийн байдлаар хэдэн жилийн түүхтэй байгууллага болоод байна вэ?

 

      Зээлийн батлан даалтын сан нь 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хуулийг баталснаар эрх зүйн үндэс нь бүрдэж, мөн оны 11 дүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдөр 14 жилийн хугацаанд жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж байна.

 

- Танай байгууллагын эрх зүйн статусын талаар тодруулбал?

 

      Манай байгууллага нь төрийн өмчийн оролцоотой байгууллага бөгөөд “Зээлийн батлан даалтын сангийн тухай” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.   Төрөөс үүсгэн байгуулсан, санхүүгийн дэмжлэгийн чиг үүрэг бүхий бие даасан статустай сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

 

- Сан байгуулагдсан гол зорилго, эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг хэрхэн тодорхойлох вэ?

 

      Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ өргөжүүлэхэд тулгардаг хамгийн нийтлэг хүндрэлүүдийн нэг нь санхүүжилтийн хүрэлцээ байдаг. Харин зээлийн санхүүжилт хүсэхэд тухайн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой, орлого олох чадвартай ч зөвхөн барьцаа хөрөнгө дутмаг гэсэн шалтгаанаар санхүүжилт авч чадахгүй байх олон тохиолдол бий.

      Зээлийн батлан даалтын сан ийм нөхцөлд банк болон зээл хүсэгчийн хоорондын эрсдэлийн тодорхой хэсгийг батлан дааж, бизнесүүдийн санхүүжилтэд хүрэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг. Ингэснээр хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг дэмжихийн зэрэгцээ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.  

      Мөн Засгийн газрын бодлого, хөгжлийн зорилтуудтай уялдуулан зорилтот бүлэгт чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үе шаттайгаар хөгжүүлж байна. Үүний нэг жишээ нь орон нутагт орон сууц худалдан авч буй иргэдэд зориулсан ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын бүтээгдэхүүн юм.

 

- Одоогоор Зээлийн батлан даалтын сан хэдэн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна вэ?

 

      Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын сан нь иргэд, хоршооны гишүүн малчид, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан нийт 11 төрлийн батлан даалтын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгжүүлж байна.

      Зээл хүсэгчдийн хэрэгцээ, бизнесийн онцлогт нийцүүлэн эмэгтэй бизнес эрхлэгч, экспортлогч, ногоон бизнес эрхлэгч, франчайзингийн бизнесийг дэмжих зэрэг зорилтот бүтээгдэхүүнүүдийг үе шаттайгаар хөгжүүлсэн.

      Эдгээр бүтээгдэхүүн нь санхүүжилтэд хүрэх боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлт, ажлын байрыг дэмжихэд чиглэж байна.

 

- Иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамгийн их хүсэлт ирүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ аль нь байдаг вэ?

 

      Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид зөвхөн санхүүжилт авах бус, бага өртөгтэй санхүүжилт авахыг илүү чухалчилдаг болсон. Иймээс хүүгийн нөхцөлийг сайжруулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий батлан даалттай зээлийн эрэлт өндөр байдаг.

      Үүний нэг жишээ бол Сан 2017 оноос эхлэн Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслийн батлан даалтын бүтээгдэхүүн юм. Төслийн хүрээнд арилжааны банкуудад хөнгөлөлттэй эх үүсвэр байршуулах замаар батлан даалттай зээлийн хүүг жилийн 10.27–15 хувьд хүргэн, жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн өртгийг бууруулах боломжийг бүрдүүлсэн.

      Харин иргэдийн хувьд орон нутагт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй байна. Энэхүү бүтээгдэхүүн нь зөвхөн урьдчилгаа төлбөрийн санхүүгийн дарамтыг бууруулаад зогсохгүй, орон нутагт тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг дэмжих Засгийн газрын бодлоготой уялддагаараа онцлог юм.

 

- Азийн хөгжлийн банк /АХБ/-тай хамтран хэрэгжүүлж буй батлан даалтын бүтээгдэхүүн болон үндсэн батлан даалтын үйлчилгээний гол ялгаа юу вэ?

      Гол ялгаа нь хэрэгжих нөхцөл, хамрах хүрээнд байдаг.

      Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй батлан даалтын бүтээгдэхүүн нь төслийн хүрээнд хэрэгждэг тул зээлийн хүү, хугацаа зэрэг үндсэн нөхцөл бүх оролцогч банктай ижил байдаг.

      Харин Сангийн үндсэн батлан даалтын бүтээгдэхүүн нь илүү уян хатан бөгөөд арилжааны банкуудын бизнесийн зориулалттай төрөл бүрийн зээлд батлан даалт гаргах боломжтой.

      Өөрөөр хэлбэл, АХБ-ны бүтээгдэхүүн нь нэгдсэн нөхцөлөөр хэрэгждэг бол Сангийн бүтээгдэхүүн нь бизнес эрхлэгчдийн хэрэгцээ, банкны нөхцөлд илүү нийцдэг давуу талтай.

 

- АХБ-ний төслийн эх үүсвэртэй батлан даалтын бүтээгдэхүүн нь ямар төрлийн бизнес эрхлэгчдэд илүү чиглэдэг вэ?

 

      Азийн хөгжлийн банкны батлан даалтын бүтээгдэхүүн нь АХБ-ны Хамгааллын бодлого (Safeguard Policy Statement)-той уялдан хэрэгждэг бөгөөд байгаль орчин, нийгэм, хөдөлмөрийн аюулгүй байдалд сөрөг нөлөө багатай бизнес, төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэдэг.

      Тухайлбал, байгаль орчны доройтол үүсгэх, өндөр эрсдэлтэй олборлолт, бохирдол ихтэй үйлдвэрлэлийг дэмждэггүй бөгөөд харин байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг жижиг, дунд бизнесүүдэд илүү чиглэн ажилладаг онцлогтой.

 

- Ойрын хугацаанд шинээр нэвтрүүлэхээр төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ бий юу?

 

      Тийм. Ойрын хугацаанд бид франчайзингийн батлан даалтын бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр судалж байна.

      Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар, тэр дундаа франчайзингийн бизнес эрчимтэй хөгжиж, олон улсын болон дотоодын сүлжээ брэндүүдийн тоо нэмэгдэж байна. Гэвч франчайзингийн бизнес эхлүүлэхэд анхны хөрөнгө оруулалтын хэрэгцээ харьцангуй өндөр байдаг учраас санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий.

      Энэхүү бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр бизнес эрхлэгчид франчайзингийн бизнес эхлүүлэх, олон улсын менежмент, үйл ажиллагааны стандарт, технологийг нутагшуулах боломж нэмэгдэнэ. Улмаар үйлчилгээний салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байна.

 

- Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдэд хандаж өгөх хамгийн чухал зөвлөгөө юу вэ?

 

      Бизнес эрхлэгчдэд хамгийн түрүүнд хэлэх зүйл бол эрсдэл тооцсон бодит төлөвлөлт хийх болон санхүүгийн сахилга бат юм. Санхүүгийн байгууллагууд зөвхөн барьцаа хөрөнгийг үнэлдэггүй. Тухайн бизнесийн орлогын тогтвортой байдал, үнэн зөв хөтөлсөн санхүүгийн тайлан, зээлийн түүх, бизнесийн төлөвлөлт нь санхүүжилт авах боломжид шууд нөлөөлдөг.

      Тиймээс санхүүгийн тайлангаа тогтмол, үнэн зөв хөтөлж, үйл ажиллагаагаа албан ёсны, ил тод байдлаар эрхлэх нь урт хугацаанд бизнесийн хамгийн том хөрөнгө болдог.

      Мөн зээл нь өөрөө зорилго биш, харин бизнесээ өсгөх хэрэгсэл гэдгийг ойлгох нь чухал. Иймээс санхүүгийн шийдвэрээ богино хугацааны боломжид бус, бизнесийн бодит хэрэгцээ, эргэн төлөх чадвартаа үндэслэн гаргахыг зөвлөе.