САНАЛ, ХҮСЭЛТ
Зээлийн батлан даалтын сан нь хамтран ажилладаг арилжааны банкуудын зээлийн мэргэжилтнүүдэд батлан даалтын үйл ажиллагаа, холбогдох журам, судалгааны процессын талаарх нэгдсэн ойлголт өгөх, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж эхэллээ.
Энэ хүрээнд эхний сургалтыг Богд банкны зээлийн мэргэжилтнүүдэд “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа болон батлан даалтын журам, судалгааны процесс” сэдвээр зохион байгууллаа.

Сургалтаар ЗБДС-ийн хуульч М.Даваажав “Батлан даалтын шинэчлэгдсэн журам”, Батлан даалтын газрын мэргэжилтэн М.Баттогтох “Батлан даалтын судалгааны процесс” сэдвээр тус тус мэдээлэл өгч, батлан даалттай зээлийн судалгааны үе шат, анхаарах асуудлын талаар оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Батлан даалтын үйлчилгээг зээл хүсэгчдэд шуурхай, ойлгомжтой хүргэхэд банкны зээлийн мэргэжилтнүүдийн мэдээлэл, ойлголт чухал ач холбогдолтой. Иймд хамтран ажилладаг банкуудын мэргэжилтнүүдийг батлан даалтын үйл ажиллагааны талаарх мэдээллээр тогтмол хангаж, зээлдэгч нарт батлан даалтын боломжийг зөвөөр таниулах, улмаар хүртээмжийг нэмэгдүүлэхэд энэхүү сургалт чиглэж байна.



Цаашид бид хамтран ажилладаг бусад арилжааны банкуудын зээлийн мэргэжилтнүүдэд уг сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.
Сан нь 2018 оноос өнөөдрийг хүртэл Богд банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 10.06 тэрбум төгрөгийн зээлийн 6 тэрбум төгрөгт батлан даалт гаргажээ.
Шинэ мэдээ