Энх тайвны гүүрний баруун хойно,
Гэрэгэ тауэр, 6-р давхар
08:30 - 17:30
Даваа - Баасан
Дархан-Уул аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй шат дараалсан ажлууд идэвхжиж байна. Энэ хүрээнд Зээлийн батлан даалтын сантай холбоотойгоор олон чиглэлээр ажил өрнөж байгаа юм. Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн хоршоологчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон “Төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөн”-ий үеэр Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхантай ярилцлаа.
-Өнгөрсөн онд Зээлийн батлан даалтын сангаар баталгаажсан зээлүүдээс бодитой үр өгөөжөө өгсөн зээлийн салбар нэгжүүд юун дээр зонхилж байгаа вэ. Журамд өөрчлөлт орсноос хойш энэ чиглэлээрх үйл ажиллагааны цар хүрээ хэр нэмэгдсэн бэ?
-Зээлийн батлан даалтын сан 2024 оны хувьд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа нэлээд өргөжсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогоор 400 орчим тэрбум төгрөгийн зээлд 300 гаруй тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, нийт 12 мянга орчим малчинд зээл олгоод байна.
Үүнтэй холбоотойгоор манай Зээлийн батлан даалтын сан нь “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд хууль батлагдахад журмын өөрчлөлт оруулж, эдгээрийг зохистой байдлаар хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа нэвтрүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар ч гэсэн Зээлийн батлан даалтын сан дээр байнгын зээлийн хүсэлтүүд ирээстэй. Малчны хоршоодоос мөн зээлийн хүсэлтүүд байнга ирж байна. Тэр болгоныг тухай бүрт нь шийдвэрлээд явж байна.
-Зээлийн батлан даалтын санд хамрагдаж байгаа салбар нэгжүүдээс харахад дийлэнх нь бизнесийн болон ипотекийн зээл байна. Мөн сүүлд буюу өнгөрсөн онд гарсан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнтэй холбоотой батлагдсан салбар нэгжүүд байдаг. Эдгээрээс аль салбарт гарсан зээл нь өндөр хувьтай байна вэ?
-Ер нь “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд ярих юм бол нийт 14 зориулалтаар зээлийг ашиглах журамтай. Үүнээс хамгийн өндөр хувьтай зээл гарсан нь үржлийн мал аж ахуйн чиглэл. Тэр нь одоогийн гаргасан нийт зээлийн 65-70 орчим хувийг хамарч байна. Гэвч энэ дээр нэг асуудал гараад байгаа нь юу вэ гэхээр үржлийн мал үржүүлэх гэдэг зээлийн зориулалтыг 2025 оны хоёрдугаар сарын 1-ээс эхлэн наймдугаар сарын 1 хүртэл түр зогсоосон байдалтай байна. Тэгэхээр одоо хэдийгээр үржлийн мал аж ахуйн чиглэлээрх зээлийг зогсоосон ч гэсэн бусад 13 төрлийн, тодруулбал, тэжээл тариалах, малын хашаа саравч барих, мал болон тоног төхөөрөмж авах, худаг гаргах чиглэлээр олгож буй зээлүүд хэвийн олгогдож байгаа. 2024 оны бас нэг чухал бүтээгдэхүүн нь ипотекийн зээл гарч эхэлсэн. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргана гээд одоогоор 1200 гаруй өрхийг энэ зээлд хамруулж, орон сууцтай болгох чиглэлд ажиллаж байна.
-“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр Зээлийн батлан даалтын сан болон олгогдож буй зээлийн нөхцөлтэй холбоотойгоор нийгэмд сайн муу олон мэдээлэл гардаг. Нөгөө талаас, хоршоологч буюу малчин өрхүүд ямар шалгуурыг хангаж байж зээл авах нөхцөл бүрддэг вэ гэсэн нарийн мэдээллүүдийг хүмүүс тэр бүр судалж, танилцдаггүй. Үүнээс болж хоршоог зөвхөн улс төрийн нөхцөл байдлаас гэх юм уу, давуу байдлаар зээл авдаг гэсэн буруу ойлголт байдаг. Үүн дээр тайлбар, мэдээлэл өгөөч гэвэл та юуг онцлох бол?
-2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд Засгийн газрын тогтоол гарснаар “Шинэ хоршоо”-ны гишүүн малчдад зээл олгогдож, батлан даалттай зээлүүд гарч эхэлсэн. Үүнээс хойш тухайн ерөнхий санхүүжилтийн гэрээ болон сангийн Удирдах зөвлөлөөс баталсан журамд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Бид ямар нэгэн байдлаар тухайн шалгуурыг өөрчилж, хатууруулах эсвэл зээл авах боломжгүй болгох гэсэн юм байхгүй. Хамгийн гол нь арилжааны банкан дээрээс шийдвэрлэгдсэн байх ёстой. Тэгэхээр арилжааны банкнаас шийдвэрлэгдээд ирсэн тохиолдолд бид 3-5 хоногийн дотор бүгдийг шийдвэрлээд, олгох боломжтой бол хариуг нь өгөөд явж байгаа. Түүнээс биш сонгуулийн өмнөх шиг янз бүрийн асуудал одоогийн байдлаар Зээлийн батлан даалтын сан дээр гараагүй. Зээлийг зогсоох талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Түрүүн хэлсэнчлэн ганцхан үржлийн малын чиглэлд Монгол банкны бичгийг үндэслэн зээлийг түр хугацаанд зогсоосон байдалтай байгаа.
-Хоршоологчтой холбоотой зээлийн бүрдүүлэлтүүд, үр өгөөж нь эрсдэлтэй гэсэн тодорхойлолт дээр одоо явж байгаа зүйлүүд байдаг уу?
-Ер нь хоршооны гишүүн малчдын зээл бол нэг жил үндсэн зээлээс чөлөөлөгдөөд энэ жилийн тавдугаар сараас эхлэн ерөнхий төлөлт нь эхэлнэ. Гэхдээ жил болоогүй, зургаан сараар, гурван сараар, таван сараар чөлөөлөгдсөн малчид байдаг. Тэд бол эргэн төлөлтөө төлөөд эхэлсэн байгаа боловч одоогийн байдлаар зээлийн чанар муудлаа, зээлээ төлсөнгүй гэх асуудал нэг ч бүртгэгдээгүй байна.
-Тэгэхээр иргэд авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлөөд явж байгаа, ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг үү?
-Тийм, хугацаанаас нь өмнө төлөөд явж байгаа нь ч бий. Ер нь бол малчны зээл гэдэг маань чанарын хувьд өндөр. Ипотекийн зээлийн дараа ордог, сайн төлөлттэй зээл байдаг. Энэ утгаараа малчид маань ч гэсэн энэ дээр маш хариуцлагатай ханддаг. Бид найман аймгийн 1000 гаруй малчинтай нүүр тулан уулзаж, газар дээр нь очиж үзэж шалгасан. Энэ удаагийн малчид, хоршоологчид руу чиглэсэн энэ ажлыг ихээхэн үр дүнтэй гэж харж байгаа учраас төлнө гэдэг хариултыг өгч байгаа.
-Ипотекийн зээлийн батлан даалтыг иргэдэд хамгийн ээлтэй нөхцлөөр олгох боломж үүсэж, өнгөрсөн хугацаанд цөөнгүй иргэн энэ зээлд хамрагджээ. Үүнтэй холбоотой журмууд, цаашид хэрэгжүүлэх шаталсан арга хэмжээн дээр иргэдэд анхааруулах болон сануулах, мэдээлэл өгөх зүйлүүд байгаа юу?
-Зээлийн батлан даалтын сан бол төвлөрлийг сааруулах, орон нутагт иргэдийг аль болох шилжүүлэн суурьшуулах Засгийн газрын бодлогын хүрээнд ипотекийн зээл зөвхөн орон нутагт гэж гаргадаг. Улаанбаатарт хэрэгжиж байгаа болон орон нутаг, захын гурван дүүрэгт ипотекийн зээлээр орон сууц худалдан авсан тохиолдолд урьдчилгаа 30 хувийн 60 хувьд нь батлан даалт гаргадаг. Энэ маш амжилттай хэрэгжиж байгаа, мөн үүн дээр хэлэхэд, ипотекийн зээл дээр ч гэсэн муу зээлийн асуудал нэг ч гараагүй. 1200 гаруй өрх орон сууцанд орж тайван сайхан амьдарч байгаа.
-Дархан-Уул аймагт Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн холбоо төвийн бүсийг хамруулсан томоохон арга хэмжээ зохион байгуулж байна. Зээлийн батлан даалтын сангийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэл рүү, бизнесийн зээлийн ямар боломжууд байдаг вэ?
-Хамгийн гол анхаарах зүйл бол Зээлийн батлан даалтын сан руу хандахын тулд эхний ээлжинд арилжааны банканд хандаж, тэндээс зээлийн шийдвэр гаргасан байх ёстой. Бид шууд зээлдэгч дээр батлан даалт гаргадаггүй. Заавал арилжааны банкны зээлийн хорооны шийдвэрийг үндэслэж батлан даалт гаргадаг. Энэ нь өөрөө зарим иргэнд төвөгтэй байдаг учраас хүсэлт шууд гаргах гэх мэт төвөгтэй асуудлууд яригддаг. Арилжааны банкнаас шийдвэр гараад ирвэл бид шийдэхэд ямар нэгэн саад тотгор байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явж байна. Зээлдэгч нарын хувьд анхааруулж хэлэхэд, арилжааны банкан дээр уддаг хамгийн том шалтгаан бол зээлдэгчид өөрсдөө материалаа бүрдүүлж өгдөггүй. Хүсэлтээ өгчихөөд тэгээд нэг тодорхойлолт юм уу, дансны хуулга авчирч өгөөрэй гэхэд тэрийгээ өгөхгүй удаагаад, тэр хооронд зээлээ судлуулаад удлаа гэх гомдол шүүмжлэл маш их байдаг. Тэгэхээр зээлдэгчид өөрсдөө маш хариуцлагатай хандаж, зээлийн материалаа бүрдүүлээд өгөх юм бол хаана хаанаа хурдан шийдвэрлээд явж болно гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид бүгд манай Зээлийн батлан даалтын санд хандах бүрэн боломжтой.
-Өнгөрсөн жилийн статистикаас харахад Зээлийн батлан даалтын санд хамрагдаж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр иржээ. Нөгөө талаас Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа иргэд, аж ахуй нэгжүүдэд хүрч ажиллахад хэр хүртээмжтэй байдаг вэ. Засгийн газрын зүгээс Монгол Улсын хэмжээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэвшүүлээд байгаа. Энэ хүрээнд салбар нэгжүүд, иргэдэд хүрч ажиллах, үйл ажиллагаагаа ойртуулахад хүний нөөц болоод салбар нэгжүүдийн хувьд хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Манай сангийн бас нэг томоохон ажил юу вэ гэвэл бид 2024 онд орон нутагт бизнес эрхлэгч болон хоршооны гишүүн малчдадаа хүрч ажиллах, үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгох, тэдэнд ойртож ажиллахын тулд дөрвөн салбарыг шинээр байгуулсан. Төв, зүүн, хойд, хангайн бүс гэсэн дөрвөн чиглэлд салбараа нээж, тэнд байгаа иргэд, малчдад ойртож ажиллаж байна. Хэдийгээр ачаалал нэмэгдэж, ялангуяа шинэ салбаруудад ачаалал их байсан боловч хүний нөөцдөө тулгуурлан аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдээд явж байгаа. Боловсон хүчний хувьд тухайн салбар, орон нутгаас боловсон хүчнээ бэлддэг. Эхний ээжинд туршилтын хугацаанд гурван сар ажиллуулж, энэ хугацаанд зээлийн батлан даалтын талаарх ойлголт, мэдлэгийг тухайн ажилтандаа өгдөг. Тухайн орон нутгаас боловсон хүчнийг бэлдэх нь давуу талтай. Учир нь тухайн мэргэжилтэн орон нутгийнхаа цаг агаараас эхлэн нөхцөл байдлаа сайн мэднэ, зээлдэгчийн талаар сайн мэднэ. Тэр нь давуу тал болдог.
М.ГЭРЭЛ
ӨГЛӨӨНИЙ СОНИН