Баянхонгор аймгийн иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Invest Bayankhongor 2023” хөрөнгө оруулалтын чуулганд Зээлийн батлан даалтын сангийн Эрсдэлийн удирдлагын газрын дарга Д.Батзогсох оролцож санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Баянхонгор аймгийн иргэдэд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

"Invest Bayankhongor 2023" хөрөнгө оруулалтын чуулганд мал аж ахуй, газар тариалан, барилга, дэд бүтэц, уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын нийт 250 гаруй төлөөлөл оролцлоо.

“INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган” нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм.