Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, "Хөгжлийн Шийдэл" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар Хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

     Монгол Улсад цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох (Global Cleantech Innovation Programme – GCIP Mongolia) төсөл албан ёсоор нээлтээ хийж байна.

    Энэхүү төсөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага (UNIDO)-аас Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-ийн санхүүжилттэйгээр 2025–2029 онд хэрэгжих бөгөөд үндэсний хэмжээнд “Хөгжлийн Шийдэл” ТББ болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран хэрэгжүүлж байгаа юм.

     Төслийн хүрээнд нийт 2,600 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрч ажиллах бөгөөд оролцогчдын 40 хувь нь эмэгтэйчүүд, 30 хувь нь залуучууд байх мөн хэрэгжүүлэх технологийн шийдлүүдийн үр дүнд 90,000 тонн CO₂-ын шууд, 450,000 тонн CO₂-ын шууд бус бууралтыг бий болгохоор тус тус төлөвлөжээ.

Төслийн зорилго нь:

  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх;
  • Цэвэр технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалтын хүртээмжийг өргөжүүлэх;
  • Банк, санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг илүү уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй болгох зорилготой юм.